“АЧ” АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

2019-06-18 21:40:32

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  1. Тус сургуулийн бакалаврын сургалтын хөтөлбөрт 2019 онд оюутан элсүүлэхэд БСШУ-ны сайдын 2013 оны А/79 дүгээр тушаалаар батлагдсан "Оюутан элсүүлэх журам", 2014 оны А/78 дугаар тушаалаар батлагдсан Дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх бакалаврын мэргэжлийн чиглэл (хөтөлбөр), индекс шинэчлэн батлах тухай тушаал болон энэхүү журмыг баримтлана.
  2. “АЧ” АУИС-ийн бакалаврын сургалтанд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас элсүүлэх оюутны хяналтын  тоог “Ач” АУИС-ын удирдах зөвлөлийн хурлаар тогтооно.
  3. Бакалаврын сургалтын хөтөлбөрт оюутан элсүүлэхтэй холбогдон үүсэх бүхий л харилцааг энэхүү журмаар зохицуулна.
  4. “Оюутан элсүүлэх үйл ажиллагаа нь 3 үе шаттай явагдана.
    1. “АЧ” АУИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэхийг хүсэгчдийг бүртгэх
    2. Элсэхийг хүсэгчдийг шалгаруулах, мэргэжил сонгуулах
    3. Элсэгчдийг бүртгэх
  5. Тус сургуулийн элсэлттэй холбоотой нэмэлт мэдээллийг дараах цахим хуудаснуудаас авч болно.
    1. “АЧ” АУИС-ийн цахим хуудас: www.ach.edu.mn,
    2. Элсэлтийн бүртгэлийн цахим хуудас: burtgel.ach.edu.mn

 

ХОЁР. БҮРТГҮҮЛЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  1. Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө энэхүү журамтай танилцах үүрэгтэй.
  2. Бүртгүүлэгч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой. Элсэлтийн Ерөнхий Шалгалт (цаашид ЭЕШ гэх)-ыг 2017, 2018, 2019 онд өгч, элсэхийг хүссэн салбарын босго оноог хангасан байна.
  3. Бүртгүүлэгч ЭЕШ-ын оноог ахиулах зорилгоор ЭЕШ дахин өгсөн тохиолдолд сонгосон 1 батламжийг баримтлан бүртгүүлнэ.
  4. Бүртгүүлэгч “АЧ” АУИС-д бүртгүүлэхээс өмнө ЭЕШ-тай холбоотой болон  бусад бичиг баримтын зөрчилгүй байх шаардлагатай.
  5. Бүртгүүлэгч элсэлттэй холбоотой материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон гарах хариуцлагыг хуулийн өмнө бүрэн хариуцна.
  6. Дипломын болон бакалаврын, түүнээс дээш боловсролтой, мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил  ажилласан, ажиллагчдаас Эссэ болон хими хичээлээр түвшин тогтоох шалгалт авна.
  7. Хамтын ажиллагааны гэрээтэй байгууллагууд болон аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, эмнэлгүүдийн захиалгын дагуу суралцах хүсэлт гаргасан элсэхийг хүсэгчдийг энэхүү журмын 2.6 заалтын дагуу элсүүлнэ.

 

ГУРАВ. ЭЛСЭХИЙГ ХҮСЭГЧДИЙГ БҮРТГЭХ

  1. ЭЕШ-ын бүртгэлийн босгыг хангасан бүртгүүлэгч BURTGEL.ACH.EDU.MN цахим бүртгэлийн системээр бүртгүүлнэ. (бүртгүүлэх зааварчилгаатай цахим хуудаснаас урьдчилан танилцана уу.)
  2. Элсэхийг хүсэгчдийн оноо бүртгэл хийлгэх салбарын босгонд хүрсэн бол бүртгүүлэх хөтөлбөрийн тоонд хязгаар тавихгүй.
  3. Хөтөлбөр бүрийн мэргэжлийн чиглэлүүд, бүртгүүлэх босго оноо, өгвөл зохих хичээлийн нэрийг хүснэгтээр харуулав.
  1. Дипломын болон бакалаврын, түүнээс дээш боловсролтой элсэхийг хүсэгчид сургуулийн байранд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
  2. Элсэхийг хүсэгчид бүртгэлийн хураамжийг элсэлтийн бүртгэлийн системээр дамжуулан цахим хэлбэрээр төлнө.
  3. Бүртгүүлэгч бүртгүүлэхийг хүссэн мэргэжлийг бүртгэлийн цахим системд сонгосон үед төлбөл зохих бүртгэлийн хураамжийн нийт хэмжээ гарах бөгөөд уг мэдээлэлтэй танилцаад төлбөрийг цахимаар хийнэ.
  4. Хөдөө орон нутгийн элсэхийг хүсэгчид “Ач” АУИС-ийн элсэлтийн бүртгэлийн цахим системд шууд бүртгүүлэх боломжтой.

 

ДӨРӨВ. ЭЛСЭХИЙГ ХҮСЭГЧДИЙГ ШАЛГАРУУЛАХ, МЭРГЭЖИЛ СОНГУУЛАХ

  1. Бүртгүүлэгчийг ЭЕШ-ийн Суурь болон Дагалдах оноог нэмж  онооны нийлбэрээ жагсаана. Оноо тэнцсэн тохиолдолд тохиолдолд боловсролын гэрчилгээний дундаж дүнг харгалзана.
  2. Элсэхийг хүсэгчдийн хэмжээст онооны нийлбэр тэнцсэн тохиолдолд химийн онооны дүнг баримталж шийдвэрлэнэ.
  3. Элсэлтийн дүнг “АЧ” АУИС-ийн burtgel.ach.edu.mn, www.ach.edu.mn цахим хуудасанд байршуулна.
  4. Элсэх болзол хагасан элсэгчдийг  зарласан хугацаанд хичээлийн 1-р байрны 213 тоот өрөөнд хяналтын тоог үндэслэн элсэгчийн онооны дарааллаар дуудаж "СУРАЛЦАХ ЭРХИЙН БИЧИГ" олгоно.
  5. Хэд хэдэн салбарын хяналтын тоонд багтсан элсэгч нь зөвхөн нэг хөтөлбөрийг сонгох бөгөөд энэ тохиолдолд бусад хөтөлбөрийн хяналтын тооны жагсаалтаас нэр нь хасагдаж, дараагийн бүртгүүлэгчийн байр нэгээр дээшилнэ.
  6. Хяналтын тоонд багтсан боловч заасан хугацаанд шаардагдах материалыг бүрдүүлж ирж бүртгүүлээгүй тохиолдолд “АЧ” АУИС-д элсэхээс татгалзсан гэж үзэн жагсаалтын дараах бүртгүүлэгчид элсэх эрхийг шилжүүлнэ.
  7. Хуваарь сонголт хийж СУРАЛЦАХ ЭРХИЙН БИЧИГ авсан элсэгчид дахин өөр хөтөлбөрт мэргэжил сонгохыг зөвшөөрөхгүй.
  8. Алслагдсан хөдөө орон нутгаас элсэгч нь хуваарь сонголт хийх үед  УБ хотод суугаа итгэмжлэгдсэн төлөөний хүнээр дамжуулан “Суралцах эрхийн бичиг” авахыг зөвшөөрнө.
  9. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуваарь сонголтонд “АЧ” АУИС-н элсэлтийн комисс хариуцлага хүлээхгүй.
  10. Элсэгч "Суралцах эрхийн бичиг"-ээ авахаар ирэхдээ дараах материалыг бүрдүүлнэ
    Үүнд:
    1. ЭЕШ-ын батламж /эх хувь/
    2. Цахим үнэмлэх /эх хувь/
    3. Сүүлийн 6 сарын хугацаанд авхуулсан 3x4 хэмжээтэй зураг /1%/
    4. Итгэмжлэгдсэн төлөөний хүний ирэх бол иргэний үнэмлэх /эх хувь/
  11. Элсэх эрхээ баталгаажуулан “Суралцах эрхийн бичиг”-ээ авсан элсэгч суралцах эрхээ буцаасан нөхцөлд 50 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгуулийг сургуулийн холбогдох дансанд шилжүүлсэн баримт болон холбогдох өргөдлийг элсэлтийн комисст гаргаснаар бичиг баримтыг буцаан олгоно.

 

ТАВ. ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦЛӨӨР ЭЛСҮҮЛЭХ

  1. 2017, 2018, 2019 оны Улсын хими ба биологийн олимпиадад I,II,III байр эзэлсэн бүртгүүлэгчийг ЭЕШ оноо босго оноонд хүрч байгаа бол жагсаалтгүй элсүүлнэ.
  2. Химийн хичээлээр ерөнхий шалгалтанд 800 оноо авсан элсэгчийг 1-р курсийн сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөнө.

 

ЗУРГАА. ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭХ

  1. "Суралцах эрхийн бичиг" авсан элсэгч нь 2019 оны 8 дугаар сарын 27 наас 30-ны өдрүүдэд “АЧ” АУИС-н Оюутны албанд бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ доорхи материалыг бүрдүүлсэн байна.
    • Суралцах эрхийн бичиг
    • Иргэний үнэмлэхний хуулбар
    • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, диплом /эх хувь/
    • Сурагчийн хувийн хэрэг /эх хувь/
    • 3*4 хэмжээтэй цээж зураг /5хувь/
    • Төлбөр төлсөн баримт /100 хувь/

 

ДОЛОО. БУСАД

  1. Оюутан элсүүлэхтэй холбоотой аливаа маргааныг "Боловсролын тухай хууль", "Дээд боловсролын тухай хууль", БСШУ-ны Сайдын баталсан "Оюутан элсүүлэх журам", бусад холбогдох хууль, дүрэм журам болон энэхүү журмыг баримтлан элсэлтийн комисс ажлын 3 хоногт багтаан эцэслэн шийдвэрлэнэ.
  2. Суралцах эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг зөвшөөрөхгүй.

 

* * *


Twitter